мэндчилгээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эрхэм эмч мэргэжилтэн, судлаач та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна. Улсын маань ууган эмнэлгийн Эрдмийн Чуулган 41 удахгүй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “ Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангана” гэж заасан. Иймээс лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлж буй төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийн нэг чухал зорилт бол эмч,мэргэжилтэн, судлаачдаа бүхий л талаар дэмжиж эрдмийн зэрэгтэй эмч нарын тоог жил бүр нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжлүүлэн хөгжүүлж нотолгоонд суурилсан эмнэл зүйг хөгжүүлэх явдал юм. УНТЭ нь түүхэндээ анх удаа эмч нарыхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор “Судалгааны төсөл сонгон шлгаруулж хэрэгжүүлэх журам” боловсруулан анхны төслөө шалгаруулан санхүүжүүлж эхлээд байна. УНТЭ-ийн эрдмийн зөвлөл нь тогтвортой үйл ажиллагаа явуулж эмнэлгийнхээ эрдэм судлалын тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын явц, эмнэл зүйн заавруудыг хэлэлцэн шуурхай шийдвэрлэж байна. 2020 онд бид 41 дэх эрдмийн чуулганаа олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалтын түвшинд хүргэж www.science-fchm.mn веб сайт шинээр бүтээж цахим технологид суурилсан бүртгэл, илтгэлийн хураангуйг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүлээн авах боломжийг бүрдүүллээ. Монгол орны эрүүл мэндийн салбарын нийт судлаачид, эрдэмтэн мэргэд та бүхний өмнө УНТЭ-ийн Эрдмийн чуулганд зориулан бий болгосон www.science-fchm.mn веб сайт үргэлж нээлттэй байх тул хамтран ажиллахыг урьж байна. Анхдагч, манлайлагч манай хамт олны эрдэм шинжилгээ, судлалын ажлын ундрагань арвин байж, анагаах ухааны салбарт мэдлэг бүтээсэн олон арван амжилтууд тасралтгүй төрж эрдмийн богц нь дүүрэн байх болтугай.

Ерөнхий захирал                                               Т.Мөнхсайхан

Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.