УКТЭ бол манай улсын ууган эмнэлэг төдийгүй түүхэн хөгжлийн явцдаа Анагаах ухааны сургалт, судалгааны томоохон түшиц газар болсоор ирсэн бөгөөд шинэ зууны шилдэг технологи нэвтэрсэн үндэсний хэмжээний сургалт судалгааны төв болох алсын хараатай ажиллаж байгаа билээ. 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдөр тус эмнэлгийн эмч нарын XXXIII дах удаагийн эрдэм шинжилгээний хурал чуулсан бөгөөд уг хуралд анагаах ухааны чиглэлээр хийгдсэн 60 гаруй судалгааны бүтээл ирснээс 3 салбар хуралдаан дээр 33 судлаач илтгэл хэлэлцүүллээ.

Эмнэлгийн удирдлага,зохион байгуулалт,төлөвлөлт менежмент,эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн чиглэлийн салбар хуралдаанаар төв эмнэлгийн эмч нарын багийг төгөлдөршүүлж, чадваршуулах менежмент, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын чиг хандлага, дотрын тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тулгамдсан асуудал, нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгаа шинжилгээний ажлын чиг хандлага, эрүүл мэндийн салбарт эмнэлгийн мэргэжилтэнг давтан сургахад УКТЭ-ийн түүхэн үүрэг, эмнэлгийн болон байгууллагын статистик, ЭМД-ын санхүүжилт, эмч нарын үйл ажиллагаан дах ёсзүйн хоёрдмол асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдлаа.

Мэс засал,мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ,оношлогооны чиглэлийн салбар хуралдаанаар 12 судалгааны бүтээл хэлэлцэгдснээс ЕМЗК-ийн эмч Ц.Ишдорж, Б.Ганзориг… нарын “Мэс заслын өмнө арьсны гаднаас хатгаж авсан эс зүйн шинжилгээгээр бамбай булчирхайн эмгэгийг оношлох асуудалд” судалгааны ажил шалгарч 1-р байр, ЧХХК-ийн эмч О.Мөнгөнчимэг, Л.Бямбасүрэн /АУ-ны доктор/ нарын “Хамрын таславчийн мурийлтаас шалтгаалсан толгойн хоёрдогч өвдөлтийн асуудалд” илтгэл 2-р байрт оржээ. Энэ салбар хуралдаанаар бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчилгээнд нэвтэрсэн шинэ технологийн үр дүн, мэс заслын хагалгааны дараах хүндрэл, нас баралтын байдалд хийсэн дүн шинжилгээ, чих хамар хоолойн эмгэгийн оношлогоо, эрчимт эмчилгээний орчин үеийн чиг хандлага, нүдний гэмтлийн тархалт, шалтгаанд хийсэн судалгаа, дурангаар улаан хоолойн өргөссөн судас боох эмчилгээний үр дүн, хөхний хавдрыг эрт оношлох сцинтимаммографийн оношлогооны эхний үр дүнг танилцуулжээ.

Дотор, мэдрэлийн чиглэлийн салбар хуралдаанаар хоол боловсруулах, зүрх судас, бөөр, цусны болон дотоод шүүрлийн эмгэгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн 13 илтгэл тавигдлаа. Мөн тархины харвалтын шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн болон нас барсан байдалд хийсэн судалгаа, зүрх судасны эмгэгийн үеийн төмрийн солилцоо, цөсний хүүдийн чулуугүй хурц үрэвслийн оношлогоо эмчилгээний шинэ чиг хандлагын тухай илтгэлүүд оролцогсдын анхаарлыг татаж, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэв. ХБЭСК-ийн эмч Б.Энхжаргал /АУ-ны доктор/, Н.Туул /АУ-ны доктор/ нарын “13С-метацетиний амьсгалын сорилоор элэгний үйл ажиллагааг үнэлэх нь” бүтээл 1-р байр, ЦЭСК-ийн эмч А.Нансалмаа, Н.Оюундэлгэр… нарын “Монголд анх удаа цусны архаг хавдарт молекулын түвшинд зориуд чиглэсэн бай эмчилгээг хэрэглэсэн үр дүн” бүтээл 2-р байрт тус,тус шалгарчээ.

Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.